Багш нарын дунд "Эрх зүйн олимпиад" зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-02 15:46:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбарын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимжүүлэх, залуу багш нарын хууль, эрх зүйн мэдлэг, ойлголт, хуулийг хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх, багшийн үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх асуудалд хандуулах зорилготой Мөрөн сумын залуу багш нарын дунд шилдэг багшийн мэдлэг, хандлага, дадлыг сорих "Эрх зүйн олимпиад"-ыг зохион байгуулж байна.
"Олимпиадын эхний шатанд 256 багш оролцсон бол хоёр дахь шатанд шилдэг 90 багш оролцож байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд Хөвсгөл аймгаас жилд дунджаар 50-60 дуудлага ирдэг бөгөөд дуудлагын 10 орчим хувийг багш нартай холбоотой дуудлага эзэлж байгаа гэнэ. Он гарсаар өнөөдрийг хүртэл 16 дуудлага ирсэнээс багштай холбоотой дуудлага 4 ирсэн байна. Энэ нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарт хууль эрх зүйн мэдлэг зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Багш нарын хууль эрх зүйн мэдлэгийг шалгаад мэдлэг тааруу байгаа багш нарт хууль эрх зүйтэй холбоотой сургалтыг үе шаттай явуулж мэдлэг боловсролыг дээшлүүлж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьж байгаа" гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга  Ч.Дашбаяр хэлж байлаа.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ