Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс татвар авахаас татгалзахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-17 17:28:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ирэх оны үндсэн чиглэлийг Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны болон Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн үндсэн бүлгүүдийн хүрээнд 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийт 8 их наяд 780 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнээс 5 их наяд 170 тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ирэх онд Засгийн газрын нийт өрийг 10 хувиар бууруулж, ДНБ-ий 55 хувьд хүргэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар бонд гаргахгүй байх зэрэг томоохон ажлуудыг хийхээр тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс санал, дүгнэлтээ танилцууллаа. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлын бууралт, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх зэрэг чухал үзүүлэлтүүдийг тусгаагүй байгааг бүлэг дүгнэлтдээ дурьджээ. Мөн ирээдүйд уул уурхайн бүтээгдэхүүний ханш унасан тохиолдолд Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Тиймээс эдийн засгийн хөгжилд оруулах дотоод хөрөнгө оруулалтыг дэмжих, ирээдүйн хуримтлалыг буй болгох шаардлагатай байгааг онцолсон байна. Түүнчлэн 2020-2021 онд улсын төсвийг алдагдалгүй батлах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг төсвийн орлогын бодит өсөлттэй уялдуулан нэмэх, татварын шинэчлэлийн хүрээнд иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтын орлогоос татвар авахаас татгалзахыг Засгийн газарт зөвлөсөн байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байгааг дурьдав. Мөн Засгийн газрын өрийн хүүнд 2018 онд 1.1 их наяд төгрөг, 2019 онд 865 тэрбум төгрөг, 2020 онд 723 тэрбум төгрөг төлнө гэдгийг дурьдлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “2019 оны төсвийг энэ оны эхнээс эхлэн боловсруулж байна. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд анхаарч байгаа” гэсэн тайлбар хэлэв.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ