Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн боловсруулсан уг төсөлд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор тогтоолын тусгажээ. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, цаашид хүүхэд бүрт олгох асуудлыг судалж, саналаа УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ч.Ариунболд