Турк сургуулийн 40 гаруй сурагч хоолны хордлогод оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-04 14:18:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 1-нд Турк сургуулийн сурагчид хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтжээ. Хордлогын шалтгааныг тодруулахаар хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнд нь шинжилгээ хийхэд shingelii flexneri  нян илэрсэн байна. Бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа гэнэ.
Тус тасагт зургаадугаар сарын 1-ний 14 цагийн үед анх 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтэж улмаар 23, 2-ны өдөр 13, 3-ны өдөр 9 хүүхэд хэвтсэн байна. Өнөөдрийн байдлаар 45 хүн эмчлүүлж байна. Хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийж эхэлсэн бөгөөд одоогоор биеийн байдал хүндэвтэр анхаарал татахуйц суулгалт ихтэй 13 хүн байна. Үүнээс том хүн нэг, бусад нь хүүхдүүд аж. Бусдынх нь биеийн байдал дунд зэрэг байгаа гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Дээрх сурагчид тавдугаар сарын 30, 31-нд сургууль дээрээ үдийн хоолоо идсэн байна. Үдийн хоолонд  өндөгтэй кембаб, пирошки, тарвас, гуляш, будаа, гоймонтой шөл, төмсний хучмал, жимсний салат иджээ.
Хүүхдүүд хоол идсэний дараа гэдэс базалж гүйлгэх улмаар өндөр халуурч /38.5-40хэм/ цустай гүйлгэх, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрсэн байна. Хордлогод орсон хүүхдүүдийн 20 нь дотуур байранд, 17 нь гэртээ байдаг гэнэ. Мөн сургуулийн багш, ажилтнаас дөрвөн хүн байгаа аж. Зургаагаас 12 дугаар ангийн сурагчид гэнэ. Яаралтай бүхий л эмчилгээг хийж байгаа гэж БОЭТ, Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ