Өмнөд Солонгос, АНУ-ын эрдэмтэд роботод зориулсан “мэдрэлийн систем”-ийг зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-06 10:46:05
БЭЭЖИН. /ТАСС/. Роботуудад зориулсан мэдрэлийн системийг Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд АНУ-ын Стэнфордын их сургуулийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран зохион бүтээсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ. 
 
Энэ системийн тусламжтайгаар роботууд нь өөрт нь хүрч байгааг болон өөрөө бусад объектуудтай шүргэлцэж байгаагаа мэдрэх гэнэ.
 
Мэдрэлийн систем нь роботуудын “арьсан” дор байрлуулсан мэдрэгчүүдээс бүрддэг аж. Тусгай мэдрэгч нь хүрэлцэж буйг мэдрээд дохиог роботын “тархинд” хүргэх ба тархи нь мэдээллийг хүлээж аваад ямар хариу үйлдэл хийхээ шийддэг байна.
 
Системийг зохион бүтээгчдийн нэг болох Стэнфордын их сургуулийн профессор Жэнань Бао-гийн “Science journal” сэтгүүлд нийтэлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд дурдсаныг үзвэл, мэдрэлийн системийг хийхдээ хүний мэдрэлийн системийг дууриалгасан байна. Арьсны гадаргуу дахь мэдрэгч төгсгөлүүд нь хүний тархинд дохио өгөх ба үүний дараа тархи нь булчингийн системд команд өгснөөр хүн хариу үйлдэл үзүүлж эхэлдэг.
 
Роботод зориулсан ийм мэдрэлийн системийг зохион бүтээх ажлыг өмнө нь хийж  байсан аж. Тухайлбал, Швейцарийн эрдэмтэд хэт нимгэн, уян хатан дамжуулагчуудыг хийж байна. Дамжуулагчууд нь роботын “мэдрэлийн системийг” бүрдүүлэгч гол зүйл болох аж. Цаашдаа роботуудын хуруунуудын үзүүрт байрлуулах ийм нимгэн “мэдрэлийн төгсгөлүүд”-ийг зохион бүтээхээр эрдэмтэд ажиллаж байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ