Ус дагасан хөгжил

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-06-09 19:02:41
Бээжин /МОНЦАМЭ/. Далайд гарцтай байна гэдэг улс орнуудын хувьд хөгжих асар том боломж аж. Хятад улсын хөгжил ч энэ жишгийн дагуу зүүн эргээрээ буюу далайн боомттой бүс нутгууд нь дэд бүтэц, аж үйлдвэр, техник технологи гээд бүхий л салбарын хувьд өндөр хөгжжээ.
Үүнийгээ дагаад эдгээр бүс нутгуудын хүн амын нягтаршил ч баруун бүс нутгаа бодвол харьцангуй их.

Энэ өргөн уудам нутгийг хэрхэн тэнцвэртэй хөгжүүлэх вэ гэдэг асуудалтай тулгарсан Хятад улс 2016 оны 9 дүгээр сард албан ёсоор “Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-г зарласан байдаг.
Энэ нь ямар учиртай төлөвлөгөө вэ гэвэл Хятадын хамгийн том гол мөрөн болох Хөх мөрөнд суурилсан үндэсний хэмжээний томоохон хөгжлийн хөтөлбөр юм.
Хятадууд үндэснийхээ “Эх гол” хэмээн алдаршуулдаг Хөх мөрөн нь дэлхий дээрх хамгийн том гурван гол, мөрний нэг бөгөөд нийт урт нь 6300 км. Эдийн засгийн бүсийн нийт хамрах талбай нь 2.05 сая хавтгай дөрвөлжин километр бөгөөд Хятад улсын баруун, төв, зүүн бүсүүдийг холбодог.  
Шанхай, Жянсү, Жөзянь, Анхуй, Жянси, Хубэй, Хунань, Чунчин, Сичуань, Юньнань,  Гуйжоу зэрэг 11 хот, мужийн нутгаар урсдаг. Эдгээр нутгууд Хятадын нийт хүн амын болон нийт үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг маш том зах зээл. 
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь Хятадын баруун, төв, зүүн бүсүүдийн хөгжлийн ялгааг арилгах, хөгжил тааруу буюу баруун, төвийн бүсийн хөгжлийг түргэтгэхэд чиглэгддэг аж.
Эдийн засгийн бүсийг газар нутгийн байршлаар нь дээд, дунд, доод урсгалын бүс нутгууд хэмээн хуваадаг. Дээд урсгалын төв Чунчин хот, дунд урсгалын төв Ухань хот, доод урсгалын төв нь Шанхай хот.
 Тээвэрлэлт, дэд бүтэц
Дээд урсгалын төв Чунчин хот нь авто зам, төмөр зам, агаарын зам гэсэн гурван зам харилцаагаар холбогдсон зам харилцааны чухал зангилаа хот юм. Тус хот нь гурван боомт, гурван гаалийн чөлөөт бүстэй.
Хятадын “Бүс ба Зам” санаачилга болон Хөх мөрний эдийн засгийн бүсд хамаарах чухал байршилд оршдог. Бүс ба Зам санаачилгын хүрээнд Чунчин хотыг Хятадын баруун урд нутаг руу холбох зам харилцааны цогц бүтээн байгуулалтыг түргэн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн дунд урсгалын нутаг дэвсгэрт байрлах Чичунь сувгийн хүчин чадлыг сайжруулах ажил ид өрнөж байгаа ажээ. Доод урсгалын тухайд 12.5 метр гүнзгийтэй зам, маршрутыг Нанжин хот хүртэл хийж гүйцэтгээд байгаа юм байна.
Нэг тонн ачааг нэг км замд усаар тээвэрлэхэд 3 фэн /10 фэн=1 мо/, төмөр замаар тээвэрлэхэд 2 мо, авто замаар тээвэрлэхэд 5 мо, агаараар тээвэрлэхэд 5 юаний зардал гардаг байна. Үүнээс тээвэрлэлтийн зардал ямар чухал болохыг харж болох буй за.
 Аж үйлдвэр, инноваци
Өдгөө Хөх мөрний дагуух бүс нутгууд нь машин механизм, авто машин, цахилгаан бараа, газрын тос, химийн аж үйлдвэр зэрэг салбаруудад өндөр техник технологийн тусламжтайгаар амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Иймдээ ч Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн 200 нь тус бүст байрладаг аж.
Мөн эдгээр бүс нутгуудын нэг хүнд оногдох ДНБ тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2016 оны байдлаар нэг хүнд 56470 юань оногдож байжээ. Энэ нь Хятадын дунджаас 2490 юаниар давсан үзүүлэлт юм.
 Гурван хавцал
Гурван хавцал нь Хятадын Хубэй мужийн И Чан хотод байдаг бөгөөд дэлхий дээрх хамгийн том усан цахилгаан станц юм. 1992 онд БХАТИХ-аас Гурван хавцалын усан цахилгаан станцыг барих төслийг батласнаар Хятадууд энэ аварга бүтээн байгуулалтыг 1994 оноос эхлэн 12 жилийн хугацаанд барьж байгуулсан.
Өндөр нь 185 метр, далангийн урт нь 2.3 км. 2012 онд бүрэн ашиглалтад орсноор жилдээ 22.4 сая кв цахилгаан үйлдвэрлэх боломжтой болсон. Энэ цагаас хойш дэлхийн хамгийн том усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний станц болсон юм.
А.Анхбаяр

Холбоотой мэдээ