Компани бүрийн онцлогт тохирсон хувьчлалын арга боловсруулах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-12 14:01:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” болон “Мэдээлэл холбооны сүлжээ”,  Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг тусгажээ. Тухайлбал Автозам, засвар арчлалтын компаниудыг 100 хувь, бусад компанийн 49 хүртэл хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулахаар төлөвлөсөн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Л.Энх-Амгалан гишүүн, “Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төрийн өмчит компаниуд сонгуульд ялсан намын санхүүжилтээ босгох гарц болж ирсэн. Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд нухацтай хандаж, өнгөрсөн 27 жилийн хувьчлалд дүгнэлт хийх цаг болсон” хэмээв.
Мөн гишүүдийн зүгээс компани бүрийн онцлогт тохирсон хувьчлалын арга боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Тухайлбал, З.Нарантуяа гишүүн, “Эдгээр компаниуд өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэтэл Засгийн газар бүгдийг нь нэг зарчмаар хувьчлахаар оруулж ирж байгаа нь буруу” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, “Дэлхийн зарим улс орнууд стратегийн компаниудаа иргэдийн оролцоотой нээлттэй хувьцаа гаргаж хувьчилдаг. Энэ нь дундаж давхаргыг бий болгох, иргэдийг ажлын байраар хангах зэрэг олон ач холбогдолтой. Тиймээс бид ч энэ жишгийн дагуу асуудлыг шийдвэрлэх цаг болсон. Тиймээс УИХ-аас тогтоолын төсөлтэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах ёстой. Ажлын хэсэг компани тус бүрийг хувьчилснаар гарах үр дагаварыг нь зөв тооцож оруулж ирэх ёстой” гэв.
Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ