Төрийн өмчийг хувьчлахдаа ил тод, нээлттэй явуулах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-15 14:24:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” болон “Мэдээлэл холбооны сүлжээ”,  Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг тусгажээ. Тухайлбал Автозам, засвар арчлалтын компаниудыг 100 хувь, бусад компанийн 49 хүртэл хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулахаар төлөвлөснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар төсөл санаачлагчийн илтгэлд дурьдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ж.Батзандан гишүүн төрийн байгууллагуудыг хувьчилснаар компаниудын үр ашиг өсөх эсэх, тухайн байгууллагад ажиллаж буй иргэдийн эрхийг хэрхэн хамгаалахыг тодруулав.

Сүүлийн 6 жилийн хугацаанд хувьчилсан компаниудын дунд явуулсан судалгаагаар ашигт ажиллагааны түвшин 6 хувь, үр ашиг 7.3 хувиар өссөн зэрэг давуу талууд байгааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хариуллаа. Түүнчлэн хувьчлалын гэрээнд тухайн компанийн ажилтнуудын цалин хөлс болон нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг бууруулахгүй байх заалт оруулж, иргэдийн эрх ашгийг хамгаална гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал, “Эхлээд Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй хувьчилж, үйл ажиллагааг нь жигдрүүлсний дараа бусад компанийг хувьчлах ёстой. Ингэж байж бусад компанийг олон нийтийн хяналтан дор, шударгаар хувьчлах боломж бүрдэнэ” гэв.

Мөн Б.Пүрэвдорж гишүүн төрийн байгууллагууд хэдийгээр ашигтай ажиллаж байгаа ч хувийн хэвшлийн хэмжээнд хүрэхгүй байгааг хэллээ. Тэрбээр, “Төрийн банк 2.3 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй бөгөөд өнгөрсөн онд 12.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин хувийн хэвшлийн ХААН банкны актив хөрөнгө Төрийн банкнаас ердөө 3.5 дахин их боловч орлого нь 10 дахин их байгаа юм. Тиймээс төрийн өмчийг хувьчлахыг дэмжиж байгаа. Гэхдээ хувьчлалыг ил тод, нээлттэй явуулах хэрэгтэй” гэлээ.

Иргэний агаарын тээвэр, мэдээлэл холбоо, зам тээвэр бол бүгд стратегийн томоохон салбарууд тул яаран хэлэлцэх нь буруу гэсэн саналыг Л.Болд, О.Баасанхүү нарын гишүүд хэллээ. Мөн үеэр УИХ-ын гишүүн  Ё.Баатарбилэг, “Шахмал түлш үйлдвэрлэх төрийн өмчийн компани байгуулсан гэсэн. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн олон компани бий. Тэднийг дэмжиж, боломж олгож болдоггүй юм уу” хэмээн тодруулав.

Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэгээхэн хэсэг нь иргэдэд 600 мянган тонн шахмал түлш нийлүүлэх юм. Энэ хэмжээний түлшийг хувийн хэвшлийн компаниуд үйлдвэрлэж чадахгүй тул төр оролцож байгаа хэмээн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуллаа. Мөн тэрбээр нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласны дараа иргэдийг найдвартай түлшээр хангахын тулд энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгааг хэлсэн юм.

Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлаж, 15.00 цагт УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуулгын хариуг сонссоны дараагаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болов.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ