Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн 5 дахь удаагийн уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-06-22 14:55:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр хөгжилтэй орны сэтгүүлзүйгээс суралцах шаардлага бий гэдийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр болсон Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн 5 дахь удаагийн уулзалтын үеэр онцлов.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 21-27-ны өдөр айлчилж байгаа бөгөөд МСНЭ, БНСУ-ын сэтгүүлчдийн уулзалт боллоо. 
Х.Мандахбаяр Өдгөө 67 жилийн ойтойгоо золгож буй Монголын сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд 2018-2022 онд хийх ажлын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх зорилтын нэг тод жишээ нь БНСУ-ын сэтгүүлчдийн энэ удаагийн айлчлал болж байна гээд 2013 оноос эхэлсэн хоёр улсын Сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагаа өдгөө тогтворжиж 5 дахь удаагийн уулзалт, харилцан айлчлал болж буйг тэмдэглэв.
Хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийг харилцан солилцож хоёр улсын түүх соёл, бүтээн байгуулалттай танилцах, Монгол, Солонгосын талаарх мэдээллийг үнэн бодитоор хүргэх зэргээр хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Монгол, Солонгосын сэтгүүлчдийн байгууллагын хооронд гарын үсэг зурсан санамж бичигт хамтын ажиллагааны шинэ боломжуудыг талаар саналаа нэгтгэн тусгая, бидэнд өндөр хөгжилтэй орны сэтгүүлзүйгээс суралцах зүйл их байна, өнөөгийн мэдээлэл-технологийн эрин зуунд ийм шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэв.

Манай улсад ирсэн БНСУ-ын сэтгүүлчдийн багийн бүрэлдэхүүнд тус улсын Сэтгүүлчдийн холбооны дэд Ерөнхийлөгч Гүон Ху Үг, Тэгү хот болон Кёнбүг аймгийн Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чүэ Гён Чоль, “Гуанжу Илбү”, “Money Today”, “The Seoul Economic” зэрэг томоохон сонин, “CBS”, “News-1” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн салбар зөвлөлийн дарга, менежер, сэтгүүлчдийн төлөөлөл  багтжээ.
Өнөөдрийн уулзалтад МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, Монгол Улсын СГЗ Б.Галаарид, МСНЭ-ийн Сургалт, судалгаа хариуцсан дэд Ерөнхийлөгч, МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНТ-ийн сэтгүүлч редактор Д.Бямбацэцэг, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, МСНЭ-ийн ажлын албаныхан, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл сэтгүүлч сурвалжлагчид оролцож мэргэжил нэгт нөхөдтэйгөө санал солилцон асуулт хариулт өрнүүлэв.
Уулзалтын үеэр МОНЦАМЭ агентлагийн зүгээс тавьсан “БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллага эрхзүйн асуудлаа төр, засагт хэрхэн тавьдаг, ҮЭ-ийн байгууллагаа яаж байгуулдаг вэ?” гэсэн асуултад тус улсын Сэтгүүлчдийн холбооны дэд Ерөнхийлөгч Гүон Ху Үг хариулав. Тэрбээр “Манай улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд ҮЭ-ийг дотроо байгуулан ажилладаг. Бусад сэтгүүлчдийн хувьд ҮЭ-ийн нэгдсэн холбоонд гишүүнчлэлтэй, эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь сэтгүүлчдийн холбооны салбар зөвлөлийн дарга нар ихэвчлэн ҮЭ-ийн байгууллагаа төлөөлөн ажилладаг” гэв. Хэвлэл мэдээллийн хууль эрхзүйн асуудал БНСУ-д бүрэн шийдэгдээгүй ч энэ талаар сэтгүүлчдийн байгууллага олон сувгаар хүчтэй ажилладаг гэв.

Үдээс хойш БНСУ-ын эрхэм төлөөлөгчид Хөшгийн хөндий дэх олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцана. 
Тодруулга: БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо хоёр  жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд тус улсын сэтгүүлчдийн байгуулллага аливаа нийгэм, улстөрийн асуудалд нэгдмэл байдлаар дуугарч чаддаг, эрэн сурвалжлах сэтгүүлзүй зэрэг сэтгүүлзүйн төрлүүдийг боловсронгуй хөгжүүлж, Азийн орнууд дунд хүчирхэг сэтгүүлзүйтэй гэдгээр ялгардаг юм.
Б.Болд
 
Холбоотой мэдээ