Төслийн үр дүнд зүрхний титэм судасны стент тавих эмчилгээнд хамрах өвчтөний тоо хоёр дахин өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-06-26 14:40:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, БСШУСЯ захиалгаар Шинжлэх ухаан технологийн сангийн /ШУТСан/ санхүүжүүлж буй “Зүрхний цочмог шигдээс өвчний эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төсөл Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хэрэгжиж байна. Төслийн үр дүнд зүрхний титэм судасны стент тавих эмчилгээнд хамруулах хүний тоог хоёр дахин нэмэгдүүлж чаджээ.

Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламж, Зүрхний эмгэг судлал, зүрхний шигдээс, ангиографины тасагт 2016 оноос эхлэн хэрэгжиж буй төслийн хүрээнд “Цөм технологийн төслийн үр дүнг танилцуулах өдөрлөг” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.




Энэ үеэр, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Ангиографинын оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, профессор З.Лхагвасүрэн “2015 онд зүрхний титэм судсанд стент тавих эмчилгээг 678 хүнд хийсэн бол төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 1146 болж нэмэгдсэн. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн 20 хүнд бүлэн соруулах эмчилгээ хийж үр дүн 95 хувьтай гарлаа. Ангиографийн үед титэм судасны нарийслын 9 өвчтөнд  цусны урсгалын даралтын хэмжилт хийсэн. Төсөл хэрэгжих хугацаанд 12 шинжээчийн бүрэлдэхүүнтэй судалгаа хийсэн. Судалгаагаар зүрхний цочмог шигдээсийн үед стент тавьсны дараа цусны урсгал сэргэхгүй тохиолдолд бүлэн оруулах эмчилгээ хийх нь үр дүнтэй байсан. Хугацаа алдаж ирэх, олон судасны өөрчлөлт, насжилттай холбоотой сэргэхгүй байх тохиолдол гарсан. Цусны урсгалын даралтын хэмжилт хийснээр титэм судасны нарийслын үед стент тавих шаардлагатай эсэхийг шийдэхэд чухал нөлөө үзүүлдэг. Гэсэн хэдий ч хэмжилтийн тусгай залагч гуурс нь үнэтэй, Өндөр өртөгт төлбөртэй эмчилгээний багажинд хамаарагдахгүй байгаа нь илүү олон хүнд хийх боломжийг хааж байгаа юм” гэв.

Монголын анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч Н.Баасанжав “Төсөл амжилттай хэрэгжсэнээр зүрхний шигдээсээр өвчилсөн хүмүүст үзүүлэх эмчилгээний чанар, үр дүн дээшилж, гадаад оронд эмчлүүлэгсдийн урсгал хаагдан эх орондоо эмчлүүлэх боломжтой болох юм. Мөн эмч нарын ур чадвар дээшилнэ. Зүрхний титэм судасны оношилгооны PPR, бүлэн соруулах, atherectomy аргыг хэрэглэх нь Монгол Улсад шинжлэх ухаан технологийн том дэвшил болж байна” хэмээн онцлов.

Дашрамд дурдахад, ДЭМБ-ын мэдээлснээр 2015 онд дэлхийн хүн амын нас баралтын 31 хувийг зүрхний шалтгаант өвчин эзэлдэг бөгөөд титэм судасны өвчний улмаас жилд 7,2 сая хүн энддэг аж. Монголд 2006 онд 10 мянган хүнд ногдох зүрх судасны тогтолцооны өвчин 502 байсан бол 2016 онд 1008 болж огцом нэмэгдэн, нийт өвчлөлийн 3 дугаарт жагсаж,  цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
О.Болорцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ