УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-27 12:21:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын 16 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд  нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн төсөлд, хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл нэмэлт хугацаа хуралдаан даргалагчаас өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан юм.

Мөн УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан.

Өөр нэг шинэ зүйл нь, хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөлтэй холбогдуулан бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах боллоо.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 
 
Н.Туяа
Холбоотой мэдээ