Сэлбэ зуслангийн бүсийн шинэ замын ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-07-04 10:42:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар нэг км шинэ зам барих ажил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра болон бусад албаны удирдлагууд, инженерүүдийн хамт замын ажлын нөхцөл байдлыг шалгалаа.

Төслийн хэрэгжүүлэгчээр “Билэгт зам ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 02-ноос ирэх есдүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр авто замын барилгын ажлаа эхлүүлж байгаа аж.
НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра хэлэхдээ, “НАЗХГ энэ жилээс эхлэн гэр хорооллын дунд зам тавих чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлээд байна. Улаанбаатар хотын төвийн зам нь зохих түвшинд бий болсон учир цаашид гэр хорооллын чиглэлийн замуудыг анхааран ажиллана. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу СБД-ийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн бүсэд явган хүний зам, автобусны буудал, гэрэлтүүлэг бүхий зорчих хэсгийн 6 метрийн өргөнтэй  цогц зам барих ажил эхэллээ. Мөн зуслангийн бүс, гэр хорооллын замуудыг шинээр засч шинэчилснээр  иргэдийг ая тухтай, аюул осолгүй зорчин, зорьсон газартаа хурдан хугацаанд, саадгүй хүрэхэд томоохон хувь нэмэр оруулах болно” гэв.
 

Холбоотой мэдээ