Турк: Визгүй зорчих журмыг цуцалсан нь алдаа юм

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-07 11:23:01

АНКАРА. /TASS/. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан Турк руу визгүй зорчих журмыг ОХУ цуцалсан нь алдаа юм гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдэв.

“Турк бол хэн бүхэнд аюулгүй орон” гэж тэрбээр мэдэгджээ.

"Аялал жуулчлалын салбар дахь их хэмжээний хөрөнгө оруулалт, төгс үйлчилгээ, иргэдийн шаардлагыг хангах өндөр чанартай үйлчилгээ, зочломтгой нийгмийн ачаар Турк жилд 40 сая гаруй гадаад жуулчин хүлээн авдаг. Энэ жил ОХУ-ын гурван сая орчим жуулчин Туркт зочилсон байна" гэж тэрбээр мэдэгдэв.

Турк дэх террорист заналхийлэлтэй холбогдуулан визгүй зорчих журмыг цуцалсан ОХУ-ын шийдвэрийг Анкара юу гэж бодож байна гэж түүнээс асуухад тэрбээр, “ойлгомжтой, энэ бол зүгээр шалтаг” гэж хариулжээ.

Мөн тэрбээр, 11 дүгээр сард “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг Туркт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр аюулгүй байдалтай холбоотой хэрэг нэг ч гараагүй гэж мэдэгдсэн байна.

Анталья хотын хууль тогтоогчийн хувиар би нэг зүйл хэлье: "Аялал жуулчлал нь бидний хувьд зөвхөн эдийн засгийн үйл ажиллагаа биш юм. Энэ нь нийгэм хооронд найрсаг харилцаа тогтоох эерэг ач холбогдол бүхий төлөвийг илэрхийлж байна. Аялал жуулчлалаас эхлээд Антальяд оросууд суурьших, туркуудтэй гэр бүл болох, хүүхэдтэй болох зэрэг харилцаа бий болох юм. Аялал жуулчлалын салбарт хязгаарлалт тогтоох нь нэг нэгдээ ойртож буй хоёр улсын харилцааны төлөвт сөргөөр нөлөөлнө” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ