Баруун аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд усархаг бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-17 13:46:38
Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Увс аймгийн нийт нутгаар 0.2-30 мм хур тунадас орсон байна. Энэ сарын 17-19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-22-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо болон аадар орох төлөвтэй байна. Борооны үеэр тэнгэр дуугарч, дуу цахилгаантай байхаас гадна зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх аж. Иймд үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

Өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд аймгийн ОБГ-ын алба хаагчид Хяргас, Увс нууранд эргийн хамгаалалт хийж ажилласан бол Гашууны гол, Бор толгойн гол зэрэг айл өрх, хүн амын хөл хөдөлгөөн ихтэй газруудад амьдарч, зугаалж буй иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөгөө өгсөн байна.
“Цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар энэ сарын 20-ыг хүртэл усархаг бороо орох юм байна. Ингэхдээ 17, 19, 20-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо орох тул иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх хэрэгтэй байна. Учир нь энэ сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орсон усархаг борооны улмаас 275 айл өрх усанд автсан” хэмээн аймгийн ОБГ-ын дэд дарга Д.Өлзийт мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ