Инновацийг хөгжүүлэх гарааны компаниудыг татварын бодлогоор дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-08-01 12:48:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв.

Монгол Улсын эдийн засаг тогтворжих хандлагатай болж байна. Тиймээс ганц уул уурхайгаас хараат бус дэлхийн улс орнуудын сайн жишгээр шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд төрөөс инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж, бизнесийн санаачлагыг дэмжинэ гэдгийг Ц.Цогзолмаа сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Бодлогын хүрээнд “Start up” компанийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар БСШУСЯ-нд 21 гарааны компаниас 29.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 567 нэр төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлэх санал ирүүлсэн. Уг асуудлыг мэргэжлийн баг судалсны үндсэн дээр эхний ээлжинд 11 гарааны компанийн инноваци болон нано технологийн чиглэлийн 10 тэрбум төгрөгийн 148 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 500 сая төгрөгийн татвараас чөлөөлөх болсон. Ингэснээр дээрх аж ахуйн нэгжүүд ирээдүйд 73 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, татварын орлого нэмэгдэхээс гадна шинэ ажлын байр бий болох юм. Хүсэлт ирүүлсэн компани болгоныг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөхгүй. Зөвхөн гарааны компанид дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ