Иргэд гар урлалын бүтээл урлах бүлэг үүсгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬУдаан хугацаанд ажил идэвхитэй хайж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон нутагт элбэг байдаг түүхий эд ашиглан гар урлал, ноосон бүтээгдэхүүн урлаж сурчээ. Тэд сурсан зүйлээ дор бүрнээ эзэмшээд явчихалгүй хөдөлмөрөө хоршин бүлэг болж ажиллахаар болсон байна.
Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ гар урлал, ноосон бүтээгдэхүүн урлалын бүлгүүдийг үүсгэж, бүтээгдэхүүн борлуулалтын төвлөрсөн цэг байгуулах зорилго тавьсан байна. Энэ төсөлдөө Хөдөлмөрийн яамнаас 10 сая төгрөгийн дэмжлэг авсан бөгөөд төслийнхөө хүрээнд удаан хугацаанд ажил идэвхитэй хайж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүсэл сонирхлынх нь дагуу бүртгэж, 60 гаруй иргэнийг гар урлалын сургалтад хамруулжээ.
Иргэд 4 бүлэг байгуулсан байна. Тэднийг үйлдвэрлэл явуулах байраар хангасан бөгөөд эхний 6 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлжээ. “Үйлдвэрлэлээ тасралтгүй, үр ашигтай явуулахад мэдлэг мэдээлэлээр байнга хангах зорилготой байна. Шинэ шинэ мэдлэгээр хэдий чинээ баяжуулна, иргэд төдий чинээгээр шинэ санаа олж, чадваржина. Энэ хэрээр үйлдвэрлэл нь тогтворжино гэдэг үүднээс сургалтуудыг түлхүү явуулж байна. Одоо бүлгүүдээ аж ахуйн нэгж эрхлэх сургалтад хамруулна” гэж Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилжав хэллээ.
Бүлгүүдийн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр Дундговь аймагт урласан гар урлалын бүтээгдэхүүний борлуулалтын цэг нээх ажээ.
Дундговь Т. Отгонтуяа