Тусгай сургуулийн багш нар мэргэшүүлэх сургалтад хамарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-08-07 16:20:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Green teachers” ТББ нь 2018 оноос БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг тус улсын тусгай боловсролын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх  багш нараас бүрдсэн мэргэжлийн баг энэ сарын 06-14-нд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт сургалт зохион байгуулж байна.
Сургалтад  116 дугаар сургуулийн 25, 29 дүгээр сургуулийн 25, Өмнөговь аймгаас нэг багш, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн 5 оюутан, нийт 56 хүн хамрагдаж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтын дэмжлэг үзүүлж байна. Энэ 56 багш ирэх оны нэгдүгээр сард хоёр дахь шатны буюу ахисан түвшний сургалтад хамрагдаж батламжаа гардан авах юм.

Тус сургалтын нээлтэд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди, Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн Боловсролын газрын тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа, МУБИС-ийн Тусгай боловсролын тэнхимийн эрхлэгч Ц.Батцэнгэл нар оролцов.
 

Холбоотой мэдээ