Хөдөөгийн цэцэрлэг стандартын тоглоомын талбайтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-04 15:46:14
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Чандмань сумын цэцэрлэг нь нутгийн уугуул, суугуул иргэдийн хандиваар стандартад нийцсэн тоглоомын талбайтай болжээ.
Нийт 9850000 төгрөгийн хандиваар байгуулсан уг тоглоомын талбайг хүүхдүүд бэртэхээс сэргийлэн зөөлөн резинэн дэвсгэр дээр сагсны хос шийд, хөл бөмбөгийн хаалга, гулсуур, жаран хөлт зэрэг олон тоглоомоор тохижуулсан байна.
Хүүхдийн хөгжлийг дэмжин сэтгэлийн хандиваа өргөсөн Чандмань нутгийн уугуул суугуул ахан дүүстээ баярлалаа хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч П.Лханзмаа хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэрээ сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тус цэцэрлэг нь энэ жил дөрвөн бүлэгт 110 гаруй хүүхэд хүлээн авч, 16 ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсрол олгох сурган хүмүүжүүлэх ажлаа эхлүүлжээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ