СЭЛЭНГЭ: Энэ жил 1510 тн өвс, 710 тн тэжээл нөөцөд бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-05 15:23:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгавар гарч, сумдад хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сэлэнгэ нь улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 28, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэдэг эрчимжсэн МАА, газар тариалангийн аймаг. Өнгөрсөн хавар үр тарианы 304 ААН, 199 иргэн, төмс, хүнсний ногооны 33 ААН, 2251 иргэн 204 мян.га талбайд тариалалт хийжээ. Эдгээрээс улаанбуудай 129.3 мян.га, арвай 693 мян.га, овьёос 5 мян.га, гурвалжин будаа 1175 мян.га, тэжээлийн ургамал 15.1 мян.га, тосны ургамал 47.7 мян,га, төмс 2.1 мян.га, хүнсний ногоо 2.8 мян.га талбайд тариалж, 102.2 мян.га талбайд химийн болон механик уринш боловсруулалтыг хийсэн байна.

Тус аймгийн хэмжээнд газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалтын чиглэлээр нийт 371 иргэн аж ахуйн нэгжид 18.0 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлжээ. Ургац хураалтыг богино хугацаанд хурдан шуурхай зохион байгуулах үндсэн зорилгын дор ургац хураалтад ажиллах хүн хүчний мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдээс авч байна. Энэ намрын ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдлын бэлтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна.

Хүнсний ногооны эртийн ургацыг 7 дугаар сарын 15-наас хурааж эхэлснээр Зүүнбүрэн, Мандал, Баянгол, Сайхан, Шаамар, Орхон, Жавхлант, Баруунбүрэн сумын ногоочид хүнсний ногоогоо зах зээлд гаргажээ. Өнөөдрийн байдлаар 1370.5 гаруй тн төмс, 2289 гаруй тн хүнсний ногоог худалдан борлуулжээ.

Аймгийн хэмжээнд 2022-2023 оны өвөл, хавар 1.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна. Иймээс энэ жил аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 1510 тн өвс, 710 тн тэжээлийг бэлтгэхээр ажиллаж байна.

Related news