Хэнтийчүүд Хэрлэн голоо жил бүр тахихаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-20 15:43:05

Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газар /УААУГ/ нь 50 жилийнхээ ойд зориулж Хэрлэн голоо тахих зан үйлийг зохион байгуулсан бөгөөд уг тахилгыг энэ жилээс эхлэн жил бүрийн намрын дунд сарын лусын буудалтай билэгт сайн өдөр хийж байхаар боллоо.

Тахилга Хэрлэн голын эрэгт өглөөний нар мандах цагаар Хэрлэн голдоо гол усны тухай аялгуу сонсгож эхлүүлсэн юм. Энэхүү тахилгад аймгийн удирдлагуудыг төлөөлж аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Гүндүгаварлин хийд, Шадавдаржаалин хийдийн лам нар болон нутгийн иргэд оролцлоо.

Уг тахилгад хүрэлцэн ирсэн хүн бүр Хэрлэн голдоо идээ, будааны дээж, алт мөнгөн ембүү тэргүүтэнг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.

Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газар /УААУГ/-ын ерөнхий инженер Г.Цэндсүрэн “Усны салбарын настангууд бид 50 жилийн ойгоо угтаж энэхүү буянтай үйлсийг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Харьцангуй хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд гол мөрнүүд ширгэх аюулд орж байна. Тахилгын ёслолыг энэ жилээс эхлэн жил бүрийн намрын дунд сарын лусын буулттай өдөр зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр Хэрлэн голоо хайрлан хамгаалах, эрэг дагуу амарч зугаалдаг иргэд хог хаягдлаа ид задгай хаяхгүй байх ухамсар суух, сүсэг бишрэлийн ухааныг өвлүүлэн үлдээх зорилготой" гэв.

Аймгийн УААУГ-ын ерөнхий инженер Г.Цэндсүрэн энэхүү тахилгыг санаачлан зохион байгуулжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news