Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр нар төрөлх сумынхаа 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын 21 аймгийн 108 сум энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдсанаас тус сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр түрүүлжээ. Түүний хувьд долоо хоногийн өмнө Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, чимэг нэмсэн юм.
Харин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос тус сумын харьяат улсын арслан Ц.Содномдорж түрүүлсэн байна. Тэрбээр Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваанд аймгийн арслан М.Эрхэмбаярт хөлийн цэцийн шийдвэрээр тахимаа өгсөн юм.
Сонирхуулахад, өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны 3-7-гийн даваа үргэлжилж байгаа бөгөөд дархан аварга А.Сүхбат, улсын аварга П.Бүрэнтөгс, гарди Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодогложээ.