ТӨВ: Монгол бичигтэн сумаар Заамар шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. “Монгол бичигтэн сум” болзолт уралдаанд Г.Нарантунгалаг даргатай Заамар сумын Хэлний бодлогын салбар зөвлөл шалгарчээ.
Тодруулбал, Тус сум нь сумын Засаг даргын 2021 оны “Эх хэлний өдөр зарлах тухай” А/85 дугаар захирамжийн дагуу сар бүрийн эхний 7 хоногийн даваа гаргийг “Эх хэлний өдөр” болгожээ. Энэ өдөр үндэсний бичгийн сургалт болон бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчлах ажлуудыг зохион байгуулж хэвшжээ.
Сумын төсөвт байгууллагуудын 202 албан хаагч монгол бичгийн анхан, дунд шатны сургалтад хамрагдан, 55.3 хувь нь МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалж, унших чадвараа дэмжин, тасралтгүй хөгжүүлж байна.
Мөн орон нутгийн
хөгжлийг дэмжих сангийн 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Заамар сумын 1, 2-р
сургуульд “Монгол бичгийн өргөө” байгуулж суралцагч, төрийн албан хаагчдын
сурч, хөгжих орчныг бүрдүүлсэн байна.
Түүнчлэн, Монгол
хэл уран зохиолын багш Р.Жавзандуламын санаачилгаар Засаг дарга Л.Амгаланбаярын
ивээл дор “Эх хэлээ эрхэмлэн дээдэлье” аймгийн хэмжээний монгол хэл бичгийн
анхдугаар олимпиадыг амжилттай зохион байгуулж, 10 сумын 300 орчим сурагч мэдлэг чадвараа сорин оролцож, олимпиадын үйл ажиллагааны зардалд нийт 6.8 сая
төгрөг зарцуулжээ.
“Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая 2025” аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, урамшуулах зорилгоор “Үндэсний бичгээ дэлгэрүүлэгч багш”, “Монгол бичигтэн-Байгууллага”, “Монгол бичигтэн-Сум” болзолт уралдаанууд, “Тэргүүний уншигч анги”, “Монгол бичигтэн-Төрийн албан хаагч”, “Сайхан бичигтэн-Төрийн албан хаагч”, “Цахим бичигтэн” зэрэг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шагнал урамшуулалд нийт 13.4 сая төгрөг зарцуулсан байна.