ОРХОН: “Эх орны хүү” хөвгүүдийн өдөрлөг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 10/ МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан улс, аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарчээ.
Монгол улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, удахгүй болох Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” нэг сарын аяныг эхлүүлээд байна.
Харин уг аянтай холбогдуулан аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Зэвсэгт хүчний 186 дугаар цэргийн анги, аймгийн хүүхдийн зөвлөл хамтран хөвгүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар боллоо.
Уг үйл ажиллагааны хүрээнд хөвгүүдэд эх орноо хайрлан хамгаалах, өв соёл, үнэт зүйлсээрээ бахархдаг хариуцлагатай иргэн байх төдийгүй алсын хараа зөв тэмүүлэлтэй, монгол эр хүн байх эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулахаар болж ЕБС-ын сурагчдыг бүртгэж эхэллээ.