“Дэлхийн цирк Монголд” шоу тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын циркийн хөгжлийн төвөөс 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Дэлхийн цирк Монголд-2025” шоу тоглолтын товыг албан ёсоор зарлалаа.
Дэлхийн номер нэг алиалагч Дэвид Лариблээс гадна Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украин, Узбекистан, Казахстан зэрэг 15 орны олон улсад нэр хүндтэй циркийн жүжигчид оролцох энэхүү тоглолт “Степп Арена”-д ирэх сарын 12-нд хөшгөө нээнэ. Нэг сарын хугацаанд үргэлжлэх уг шоунд шилдэг жүжигчид, сургуультай амьтад циркийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзүүлэх аж.
Тухайлбал, циркийн “Хаан” гэгдэх агаарын нисэлт, дэлхий дээрх цорын ганц эмэгтэйчүүдийн шидэх банзнаас үсрэгчид, мото шоу, есөн метр өндөрт дугуйн дээрх үзүүлбэр, циркийн урлагийн хамгийн үзэсгэлэнтэй агаарын цагираг, өхөөрдөм хөөрхөн сургуультай нохойнууд зэрэг олон улсын тэмцээний шагналтнууд оролцох юм.
“Дэлхийн цирк Монголд” шоу тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарч
байгаа бөгөөд суудлын зэрэглэлээс хамаарч 20-100 мянган төгрөгийн үнэтэй аж.
Тоглолт ирэх сарын 12-ноос тавдугаар сарын 11-нийг дуустал долоо хоног бүрийн
бямба, ням гарагт олны хүртээл болно.