Гурван сэнхэрээс тэмээн жинчид ирэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-28 16:15:32

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймагт тав дахь өдрөө үргэлжилж байгаа "Цайны зам өв соёлын наадам"-д оролцогчид Ховд аймгийн Манхан сумын  түүхийн дурсгалт Гурван сэнхэрийн агуйгаас аймгийн төв хүртэлх 100 гаруй километрт 100 тэмээгээр жин тээлээ.

Эртний түүхт “Цайны зам”-ын өв соёлыг таниулах, ёс зан заншлаа хойч үедээ өвлүүлэх, олон ястны түүх соёл, ахуй байдал, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж сурталчилах зорилготой наадмын жинчид тэмээ ачаатай Ховд хотын төв талбай руу ирэхэд хүмүүс монгол ёс заншлын дагуу жинчдийг данхтай цай,тавгийн идээгээ барьж, монгол дээлээрээ жигдэрч,  амар мэндийг эрэн  угтсан юм.

Тэмээн жин тээх үйл хэрэг  хойч үеийн түүх өв соёлыг өвлүүлэх, монгол ёс заншлаа танин мэдүүлэх,гадаад дотоодын аялагч,жуулчдын сонирхлыг татах өвөрмөц арга хэмжээ болсон.

“Цайны зам”-ын түүхээс товч сийрүүлэхэд Монголын нутгаар дамжин өнгөрч байсан худалдааны зам байжээ гэж судлаачид үздэг. Нэгдүгээр зам нь  Хаалган-Хүрээ-Хиагт гэсэн Монголын нутгийн төв шугамыг дагасан байдаг. Хоёрдугаар зам бол Хөх хот-Улиастай-Ховд-Цагааннуур-Бийск гэсэн Монголын баруун хязгаарыг дайрсан зам юм.

Зарим судлаачид гурван зам байсан гэж бичсэн нь ч бий. Учир нь Хөх хотоос Шинжаан, Төвд, Ганьсу-гийн чиглэлд худалдаалсан цай нь Шинжаанаар дамжин Ховдын Булганаар ирээд, улмаар зарим хэсэг нь Орос руу гардаг байжээ.

Бүр “Цайны зам”-аас өмнө Төвд рүү чиглэсэн “Цай морины зам”-ын нэг салаа нь монголчуудад цай худалдах хаягтайгаар Шинжаанаар дамжин Баруун Монгол руу чиглэн ирдэг байсан тухай  сурвалжид тэмдэглэжээ. Түүхийн үйл явцыг нарийн шинжвэл тэмээн жин тээдэг зам Монголын хувьд Хүрээ, Улиастай, Ховд хот  нь гол зангилаа газар  байжээ.

Олон ястны өлгий нутгийн зон олон эдүгээ хоёр дахь удаагаа тэмээн жингийн цувааг зохион байгуулсан нь энэ юм. 2015 онд  “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд Монгол төрийн шүтээн, 1994 онд Их Наран хутагтын санаачилгаар Төвдийн Лхас хотод захиалгаар бүтээсэн “Алтан ганжуур” судрыг Ховд аймгийн  Дөргөн сумын иргэд 140 гаруй тэмээгээр жин тээж байсан юм.

Жинчид  Ховд аймгийн төв Галдан Бошигт хааны талбайд ёслол хүндэтгэлтэй залах ёслол өвөл 11дүгээр сард болж байсан түүхтэй. Баруун монгол тэр дундаа Ховд аймгийн 13 үндэстэн ястны өв соёл, хэл, ёс заншил ийнхүү сэргэж, хойч үедээ өвлүүлэх, танин мэдүүлэх ажил жил бүр ийн уламжлал болон зохиогдож буй. 

 

А.Бямбасүрэн

関連ニュース