Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, дүгнэх шалгалт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-22 13:59:01

Ховд/МОНЦАМЭ/.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референт С.Нямбаяраар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь нутгийн захиргааны байгууллагуудын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын ёс зүйн төлөвшил, хандлага болон хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж, төрийн жинхэнэ албан хаагчдаас мэргэжил, ур чадварын шалгалт авч байна.

Тухайн шалгалт нь хууль эрхзүй, мэдээллийн технологи гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа бөгөөд Ховд аймгийн 24 байгууллагын 300 гаруй төрийн жинхэнэ албан хаагч долоон ээлжээр хуваарийн дагуу шалгалтад хамрагдаж буй.

関連ニュース