Зэрэг суманд -35-37 градус хүрч хүйтэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн өвөлжилт хүндэрч болзошгүй сумдын нэг нь Зэрэг сум юм. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Зэрэг суманд энэ сарын 8-ны өдөр ажиллалаа.
Энэ үеэрээ сумын удирдлага болон иргэд, малчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо.
Тэрбээр Эхэн багийн малчин Г.Аззаяатай уулзан өвөлжилтийн төлөв байдлын талаар ярилцлаа. Малчин Г.Аззаяа нь 1992 оноос хойш мал маллаж байгаа, 600 гаруй малтай. Үүнээс 100 орчим малыг нэмэгдэл тэжээлд оруулсан байна. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -35-37 градус хүрч байгаа нь цаг хүндрэх, мал зутрах нэг шалтгаан болж байгааг онцоллоо. Цаашид цас нэмж орвол өвөл, хавартаа малчдын бэлтгэсэн өвс, тэжээл нь малаа тэжээж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч магадгүй байна гэлээ.
Зэрэг суманд сүүлийн хоёр жил цас зудтай байснаас малчид цөөн төл авсан, зах зээлд мал, махаа борлуулснаар малын тоо толгой цөөрч байна. Тухайлбал: Зэрэг сум 2017 онд нийт 68 мянга гаруй төл мал, 2018 онд 17 мянга төл мал хүлээн авч бойжуулжээ. Тус сум 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 158620 толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 40 гаруй мянган толгойгоор буурчээ. Энэ жил сумын 8000 гаруй толгой мал өөрийн аймгийн зарим сумдад, 10 мянга орчим толгой мал өөр аймгийн зарим сумдад отроор өвөлжиж байна.
Зэрэг сумын Засаг дарга Д.Октябрь 2018 онд сум орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт болон цаг үеийн бусад асуудлаар ажлын хэсгийнхэнд мэдээлэл хийж, сумын Эрүүл мэндийн төвийг “Сум дундын эмнэлэг” болгон өргөжүүлэх, Соёлын төв, Сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгыг засварлах зэрэг ажлуудыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжлав. Аймгийн Засаг дарга 2019 оны төсөв төлөвлөгөө батлагдсан учраас салбарын яам, Олон Улсын төсөл хөтөлбөр, донор байгууллагуудын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломж, гарц байгаа эсэхийг судалж хариу өгөхөөр боллоо.
Ажлын хэсгийнхэн Зэрэг сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал солилцох үеэр малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. Аймгийн Засаг дарга Зэрэг сумын сургуулийн нэг ангийн ширээ сандал, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилж, малчдад аймгийн нөөцөөс зохих хэмжээний өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн Худалдаа үйлдвэрлэлийн болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Хүндэт тэмдгээр нэр бүхий иргэдийг шагнаж, 60-аас дээш настай ахмадуудад гарын бэлгээ гардуулан өгөв.