Баруун-Уртын голын эхийг хашаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-07-04 15:18:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /БОАЖГ/-ын 2019 оны санхүүжилтээр Баруун-Уртын голыг хашаажууллаа. Уг ажлыг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын ажилчид хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Баруун-Уртын голын урсгал, усны түвшин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад голын эрэг дагуух мод, бут ч маш сайн ургах болсон. Тиймээс голыг хашиж хамгаалах нь хамгийн чухал. Жилийн жилд хуучин хашааг засварлаж ирсэн ч тодорхой үр дүнд хүрдэггүй. Харин энэ удаад БОАЖГ-ын байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн 17,2 сая төгрөгийн санхүүжилтээр стандартын төмөр хашааг нийт 550 метр газар байрлууллаа. Мөн хашааны доогуур мэрэгч амьтад орохоос хамгаалж төмөр торон хаалтыг мөн хийсэн. Үлдсэн 600 метр газрыг ирэх оны төсвөөр хийж дуусгахаар төлөвлөж байгаа. Ингэснээр Баруун-Уртын голыг бүрэн хамгаална гэж Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Х.Баатарсүх хэллээ.


Баруун-Урт сумын иргэд урин дулааны цагт энэ голд гэр бүл, найз нөхдийн хамтаар ирж салхилдаг. Гэвч голын эрэгт архидан согтуурах, ил задгай хог хаях явдал их байгааг Баруун-Урт сумын байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаяр ярилаа.

Тэрээр, хоёр сарын турш хашаа татах ажлыг хийх үеэр Сүхбаатар тохижит үйлчилгээ ОНӨҮГ-ын ажилчид 30 гаруй машин хогийг зөвхөн голын эргээс түүж, зөөвөрлөсөн. Өдөрт хамгийн багадаа 100 хүн голын эрэгт ирж байна. Гэвч эдгээр иргэд ууж, идсэн зүйлийнхээ хогийг шууд ил задгай орхиод явдаг. Уг нь нэг хэсэг нь голоо хог болон малын хөлөөс хамгаалж байхад нөгөө хэсэг нь ийм ухамсар дорой байж боломгүй. Энэ бол иргэдийн хуулийн мэдлэг дутмаг байгаагийн илрэл. Хориглосон газар ил задгай хог хаявал зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулдаг. Иргэд үүнийг мэдэхгүйгээсээ болж хариуцлага хүлээх явдал бий гэв. Тиймээс холбогдох хуулийн заалтууд болон байгаль орчноо хайрлан хамгаалах уриалгыг хашаанд байрлуулжээ. 

 

関連ニュース