Форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймагт болж байгаа Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аймаг хотуудын хамтын ажиллагааны зургаан талт тавдугаар форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээснийг Ерөнхий сайдын зөвлөх Х.Гэрэлт-Од танилцуулав.
Ерөнхий сайдын мэндчилгээнд "Хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны зургаан талт энэхүү уулзалтыг 2015 оноос эхлэн жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд жилээс жилд уулзалтын ач холбогдол өсөн нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ тэлсээр байна.
Энэ удаагийн хамтын ажиллагааны уулзалтын хүрээнд “Зүүн бүсийн хөгжлийн гарц-Хамтын хүч” гэсэн цаг үеэ олсон,чухал сэдвээр
хэлэлцүүлэг өрнүүлж, хоёр улсын бүс нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцож, үйл ажиллагаагаа нягт уялдуулах,
хөгжлийн гарц шийдлийг хамтдаа тодорхойлоход чиглэсэн олон санал, санаачилга
гаргаж, үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улс нь авто болон төмөр зам, дэд бүтэц, боомтыг хөгжүүлэх тэдгээрийг түшиглэсэн бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Үүний дагуу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам, Бичигт- Баруун-Урт чиглэлийн хатуу
хучилттай 272 километр авто зам, Бичигт-Зүүн хатавч боомтын нэтрүүлэх хүчин
чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлснээр БНХАУ-ын
ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн хатавчийн боомт, Улаан хад, Тунляо хотын нутаг
дэвсгэрээр дамжин далайн боомттой холбогдох боломж бүрдэнэ.
Уулзалтад
оролцогч аймаг, хотууд Монгол Улсын “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр,
БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд бүс нутгийн чадавх, давуу талдаа
түшиглэн дэд бүтэц, аялал жуулчлал, аж үйлдвэрийг хөгжүүлж, боомтыг өргөжүүлэх
томоохон төслүүдийг дэмжин хэрэгжүүлснээр хөгжлийн зорилтдоо хүрэхэд чухал
алхам болно гэж үзэж байна.
Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүс нутгийн хөгжлийн асуудлаар идэвх, зүтгэл гарган ажилласаар ирсэн та бүхний цаашдын ажил хийгээд санал, мэдээлэл солилцох, хоёр улсын аймаг хотуудыг хөгжүүлэх, бэхжүүлэх, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх форумын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэжээ.