Ангилан ялгах хогийн савыг орон нутагтаа үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-21 23:05:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хогны менежментийг сайжруулах ажлын хүрээнд Баруун-Урт сумын хэмжээнд хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах хогийн савыг байрлуулж эхэлсэн. Өнгөрсөн хавар 15 ширхэг энэ төрлийн сав байрлуулсан бол дахин 27 ширхэг савыг шинээр байрлуулахад бэлэн болжээ. Хамгийн гол нь эдгээр хогийн савыг орон нутагтаа үйлдвэрлэж буйгаараа онцлог юм. 

БОАЖГ-ын санхүүжилтээр гурван тоннын багтаамжтай 15 ширхэг хогийн савыг анх байрлуулсан. Энэ удаагийн хогийн савыг хотын төвд байрлуулна гэдэг утгаараа гурван хэсэг бүхий шинэ загвараар хийлээ. Нөгөө талаар хогийг нохой, мал тараах, салхи шуурганд хийсэх зэрэг гадны нөлөөнөөс хамгаалсан. Эдгээр савыг нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууцнуудын гадаа байрлуулах юм.

Ер нь Баруун-Урт суманд хогийг ангилан ялгах сав байрлуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч орон нутгийн иргэдийн  хувьд хогийг ангилан ялгаж хаях талаар ойлголт бараг байдаггүй. Тиймээс бид энэ хичээлийн жилээс ахлах ангийн сурагчдад, цаашлаад ААНБ-уудад хогийг ангилан ялгахын ач холбогдлын талаар сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Саалиа бэлдэхээр, саваа бэлд гэдэг. Түүнчлэн бид үүний өмнө эхлээд хогийнхоо савыг бэлдээд, дараа нь сургалт сурталчилгааныхаа ажлаа эхлүүлнэ гэж Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Х.Баатарсүх хэллээ.

Энэ удаагийн хогийн сав үйлдвэрлэх ажилд Баруун-Урт сумын орон нутаг хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.  

関連ニュース