С.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-18 10:15:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 1960 онд Дорнод аймгийн Халх гол сумын Тамсаг булагийн сангийн аж ахуйг нүүлгэн шилжүүлж, Хар ямаатын уурхайн суурин дээр төвлөрүүлэн Түмэнцогт уулын нэрээр нэрлэх болсноор Түмэнцогтын сангийн аж ахуй гэх газар тариалангийн цоо шинэхэн салбар тус аймагт бий болсон юм. Түмэнцогтын сангийн аж ахуй байгуулагдахад тракторчнаар ирж, анхны атар газрыг хагалж байсан хүмүүсийн нэг, ахмад тариаланч С.Чулуунбаатар гуайтай цөөн хором хөөрөлдлөө. 


-Сайн байна уу Та. Сайхан өвөлжиж байна уу?

-Сайн, сайн байна уу. Нутагт минь сайхан өвөл болж байна аа.

-Таныг Түмэнцогт сумын сангийн аж ахуйд ажиллах болсон цаг үеэс хоёулаа яриагаа эхлүүлье?

-Би анх 20 гаруй насандаа Тамсагийн сангийн аж ахуй /САА/-д тракторын жолоочоор очиж байлаа. Тэнд очоод удаагүй байтал хөрс элсжиж, ургац эрс муудсан учир Тамсагийн САА-г Түмэнцогт руу нүүлгэх шийдвэр гарсан юм. Тухайн үед Түмэнцогт гэж сум байгаагүй. Хар ямаатын уурхайн суурин дээр сангийн аж ахуй байгуулагдсан түүхтэй.

-Таныг хамгийн анхны атар газрыг хагалсан хүмүүсийн нэг гэж сонссон?

-Тэгэлгүй яахав. Залуухан тариаланч хэсэг нөхдийн хамтаар одоогийн Баян-Овоо уулын хойд талд анхны газраа хагалж байлаа. Тухайн үед 20-оод тракторчинтай, тарианы гурван бригад байсан. Би туслах тракторчин хийдэг байсан. 1965 оноос  автын жолооч болж, тэтгэвэрт гартлаа тээвэрт явсан даа.

-Тамсагийн САА-д удаагүй ч төрөлх нутагтаа ирж газар тариалангийн ажлыг эхлүүлэхэд сайхан байсан байх даа?

-Яриангүй сайхан шүү дээ, нас ч залуу байлаа. Ёстой бум бужигнаж түм түчигнэсэн газар залуу насаа өнгөрөөсөн дөө. Сүхбаатар аймгийн сум болгоноос хүмүүс цугласан. Хуучин Тамсагийн САА-д байсан Дорнод аймгийн хүмүүс ч цөөнгүй байдаг байлаа. Одоо ч хамт ажиллаж байсан хүмүүсээс тун цөөхөн үлдсэн байна. Нас  өндөр болсных юм уу, одоо тухайн үеэ, хамт ажиллаж байсан хүмүүсээ бодохоор өөрийн эрхгүй нүднээс нулимс урсдаг юм.

-Та одоо нас хэд хүрч байна?   

-80 гарч байнаа, нутагтаа аав ээжийнхээ дэргэд нэгдлийн аж ахуйд ажиллаж байгаад гэнэт л тракторчин болохоор шийдсэн. Тухайн үед эвлэлийн илгээлтээр аймгаас 18 залуу тракторчнаар сурахаар Тамсагийн САА-д очиж байсны нэг нь би байгаа юм. Тракторын курсээ дөнгөж төгсөөд гурав, дөрөвхөн сар болж байтал нүүх болсон. Ингээд л 1960 онд нутаг руугаа ирсэн дээ.

-Тэгэхээр таныг ирэхэд Түмэнцогт гэдэг сум байгуулагдаагүй байсан гэсэн үг үү?

-Тийм. Хуучин уурхайн суурин дээр САА байгуулагдаж, улмаар одоогийн Түмэнцогт сумын суурь тавигдсан юм. Уурхай байсан болохоор барилга байшин гэж байхгүй, эзгүй хээр тал л байлаа. Үйл ажиллагаа эхэлж, жигдэрснээс хойш удалгүй ОХУ-ын барилгын баг ирж САА-г тохижуулахаар болсон. Тухайн барилгачдыг би Дорнод аймгаас 42 машины цувааг дагуулаад өдөр шөнөгүй явж байж ирж байсан юмдаг. Ингэж л одоогийн энэ сайхан сум үүссэн юм даа.

-Эзгүй хээр талд атрын ажил өрнөж, зэрэгцээд байшин барилга сүндэрлээд л ёстой л ажил бужигнадаг байсан байх даа. Нүдэн дээр тань хөгжиж байгааг хараад, ёстой нөгөө түүхийн амьд гэрч болсон хүн байна шүү дээ Та чинь?

-/Уйлав/. Тийм ээ. Орос ах нар сургууль, цэцэрлэг, соёлын төв, орон сууц гээд бүгдийг бидний нүдэн дээр барьсан. Хүн болж төрсний том хувь заяа үүнээс өөр юу байхав. Атрын ажлыг эхлүүлсэн анхдагчдын нэг болж, Монгол Улсын тэргүүний сум болтлоо хөгжиж чадсан Түмэнцогт сумынхаа хөгжил дэвшлийг харах үнэхээр том хувь заяа юм даа. Би үүгээрээ их бахархдаг.


-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. САА байгуулагдахад та хоёр гэр бүл болсон гэсэн. Тэгэхээр бас л атарчин байсан байх?

-Тийм ээ. Манай гэр бүлийн хүнийг С.Буд гэдэг. Бид хоёр нэг нутгийн хоёр. Эртнээс бие биенээ таньж мэддэг байлаа. САА байгуулагдахад албан ёсоор хамтын амьдралаа эхлүүлсэн.  Ингээд л манай хүн ч атарчин болсон доо. Тухайн үед хүүхнүүд арын албанд л ажилладаг байлаа. Тогооч хийнэ, яслид тариаланчдын хүүхдүүдийг харна, тариа будаа цэвэрлэнэ, манана гээд хүүхнүүд юу хийнэ, тэр бүгдийг л хийдэг байсан даа. Одоо бид хоёр хоёулаа ахмад атарчид хэмээн нутаг усныхандаа хүндлэгдээд сайхан л байдаг юм.

-Газар тариаланд тохирох газар байсан болоод л нааш нүүх шийдвэрийг тухайн үед гаргаж байсан байх. Та бүхний ажиллаж байсан цаг үеийн хамгийн оргил үеийг та дурдаач?

-Манай нутаг ч хөрс үнэхээр сайхантай. Тийм болохоор САА байгуулах шийдвэрийг гаргасан юм билээ. Анх 24 мянган га талбайд тариалангийн ажлаа эхлүүлсэн. Эхэндээ тариа будааны гарц сайн, ажил ч жинхэнэ оволздог байлаа. Тухайн үед техник хэрэгсэл сайтай ч байлаа. Эхэндээ дан улаан буудай тарьж байгаад сүүлдээ овьёос тарьдаг болсон. Тариагаа Хэнтий болон Дорнод аймгийн  гурилын үйлдвэрт нийлүүлдэг байлаа. Бид улсын аваргаас бусад шагнал, алдрыг хүртсэн дээ. Сүүлдээ байгаль цаг уураас шалтгаалан тариа будааны ургац муудсан. Энэ үе ч нөгөө нийгэм шилжилтийн үетэй давхцаж, тэгээд л САА маань тарж хувьчлалд очсон доо.

-Хувьчлалд орж, олон жил нэг гэр бүл шиг байсан хүмүүс тарж бутрахад эвгүй байсан байх даа?

-Тэгэлгүй яахав, ер нь ижилдэж дассан хамт олон тарах шиг муухай зүйл байхгүй юм билээ. Анх байгуулагдаж байсан сайхан үеэ бодохоор тарж байгаадаа итгэж өгдөггүй л байлаа. Энэ үе маань саяхан л юм шиг санагдах юм. Гэтэл хэдийнэ 20, 30 өнгөрчээ. Одоо манай суманд атарчдаас манай хөгшин бид хоёроос гадна нэг хэвтэрт орсон тээврийн жолооч бий. бид бол анхны үеийнхэн, биднээс хойш орсон улсууд бол цөөнгүй бий.

-Та бүхний ажиллаж байх үед бүх зүйл дардан байгаагүй нь мэдээж. Ялангуяа байгаль цаг уурын хүнд үетэй тулгарч л байсан байх даа?

-Мэдээж бүх зүйл өв тэгш байна гэж юу байхав. Байгалийн гамшгийг яаж ч чадахгүй шүү дээ. Ялангуяа энэ газар нутагт их айхтар өвөл болдог байлаа. Гэхдээ манай САА энэ бүгдийг чадалтай техник хэрэгслийнхээ хүчээр давж гардаг байсан даа. Ер нь манай үе үеийн дарга нар их зохион байгуулалт сайтай, чадварлаг сайхан хүмүүс байсан. 1980-аад оны үед айхтар цасан шуурга болж, бид нэг трактороо цас зайлуулагч болгон ашиглаад малаа Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг руу хөөж очин тэндээ өвөлжүүлж байлаа. Харин тариа будаагаа ойрын суурингууд рүү зөөж хадгалж байсан. Хүн болгон л нойр хоолгүй, өдөр шөнөгүй зүтгэнэ шүү дээ. Тэгэхгүй бол бидний хэдэн жил, сарын хөдөлмөр үгүй болно.

-Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд Монгол Улсад атар газар эзэмшсний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энхийг хүсье?

-За ёстой их баярлалаа. Надад ч хуучнаа дурсан ярих үнэхээр сайхан байлаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа

関連ニュース