Мал махны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мал хулгайлах гэм хэрэгтэй тэмцэх тухай хуулийг
хэрэгжүүлэх, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн
Цагдаагийн газраас санаачлан Баруун-Урт суманд мал махны үйлдвэрлэл эрхлэгч, жижиглэнгийн
худалдаачид, мал махны ченжүүдтэй уулзалт хийлээ. Нийт долоон ААНБ-ын 38
иргэнтэй уулзаж, хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө.
Энэхүү ажил нь мал махны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ болоод жижиглэнгийн махны худалдаа эрхлэгчид, ченжүүдийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой гэдгийг Мөнххаан сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ онцлон хэллээ.
Уулзалтын үеэр тэдний
өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх болоод цаашид хэрхэн хамтарч
ажиллах талаар хэлэлцэн мал махны
бүртгэлд хяналт тавих ажлыг сайжруулах зорилгоор үйлчилгээ эрхлэгчдийг харилцах дэвтэртэй болгосон юм. Тус дэвтэрт малчид
болон хувь хүн, ченжүүдээс худалдан авсан мал махны бүртгэлийг нарийн тэмдэглэх
юм байна. Ингэснээр орон нутагт үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэргийг
илрүүлэхэд чухал үүрэгтэй аж.