Ховдод коронавируст халдварын батлагдсан тохиолдол 46 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-03 14:39:39

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 46 боллоо.

Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори дөрөвдүгээр сарын 2-3-ны өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд нийт 238 сорьцод PCR шинжилгээ хийжээ.  

Улмаар сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан хүний тоо 13-аар нэмэгдэж, одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 46 боллоо.  

Үүнээс хоёр иргэн Улаанбаатар хотоос Ховд аймагт хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэн ирсэн жолооч юм. Харин бусад тохиолдол нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтагч байна. 

Одоогоор хоёр өвчтөний биеийн байдал хүнд, бусад нь хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 166 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад буй.

                          

                                    “Шинжилгээний явуулын түр цэг”-ийг нэмэгдүүлнэ 


Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд хамтран Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх орон сууцны орчим байрлаж байгаа “Шинжилгээний явуулын түр цэг”-үүдийн ажилтай газар дээр нь танилцлаа.

Жаргалант сумын Жаргалан багт ягаан 80 айлын орон сууцны бүх оршин суугч PCR шинжилгээнд хамрагдаж дууссан. Тиймээс энд байрлаж байсан “Шинжилгээний явуулын түр цэг”-ийг нийтийн эзэмшлийн талбай (Хас банкны урд талбай)-д шилжүүлэхээр боллоо. 

Мөн өнөөдөр шинжилгээ авах хоёр цэг шинээр гаргаж, шинэ 60 айлын орон сууц, ахуй үйлчилгээний газрын орчим байрлах орон сууцны дэргэд байршуулан иргэдээс сайн дурын шинжилгээ авч, ажиллахаар болжээ. Ингэснээр халдварын голомтыг шуурхай тогтоож, тархалтыг хумьж чадна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



関連ニュース