“Залуус хөгжлийн түүчээ” сорил, эсээ, видео илтгэлийн цахим уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-28 13:09:59

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн дунд 10 сая төгрөгийн шагналын сантай “Залуус хөгжлийн түүчээ” цахим уралдаан зарласан байна.

Тус уралдааныг Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.

“Залуус хөгжлийн түүчээ” цахим уралдааны зорилго нь 2020-2021 оны хичээлийн жилд  ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөх суралцагчдын нийгмийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх, тэднийг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлж, урамшуулахад чиглэж буй.  

Уралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд гурван үе шаттай зохион байгуулах юм.

Тодруулбал, бүртгэл тавдугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг “Залуус-хөгжлийн түүчээ” цахим группээс авна.   

I шат: Сорил шалгалтыг 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулна. Тус өдрийн 18:00 цагт дүн оноог хэмжээст оноонд шилжүүлэн, шууд зарлан мэдээлэх ба 500 оролцогчид II шатанд орох эрх олгоно.

II шат: Эсээг тавдугаар сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл Leaddev2021@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Дүн оноог тавдугаар сарын 12-ны өдөр зарлан мэдээлэх ба 50 суралцагчийг шалгаруулж, III шатанд оролцох эрх олгоно.

III шат:  Оролцогчид видео илтгэлээ “Залуус-хөгжлийн түүчээ” фэйсбүүк группэд тавдугаар сарын 17-ны өдрийн 13:00 цагаас өмнө байршуулсан байна. Дүн оноог тавдугаар сарын 21-ний өдөр зарлан мэдээлж, шилдэг оролцогчийг шалгаруулах аж.

Коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалж танхимын сургалт урт хугацаанд теле болон цахим хэлбэрт шилжсэн.

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) зохион байгуулах хугацаа дөхөж буй энэ үед ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийг цахим (онлайн) хэлбэрийн шалгалтад хамруулж, эзэмшсэн мэдлэг, ур чадварыг нь үнэлэх, хөгжүүлэхэд тус уралдаан чухал ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.  

関連ニュース