Нутгийн 80 орчим хувьд уулаараа цас, нам дор газраар бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-03 14:00:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ оны дөрөвдүгээр сард нийт нутгийн 80 орчим хувьд уулаараа цас, нам дор газраар бороо орлоо.

2021 оны дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөлийн тойм мэдээнээс үзэхэд нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 12-28  метр хүрч шуурсан.

Бэлчээрийн ургамал цөөн хэдэн суманд цухуйжээ. Тодруулбал, Дарви, Чандмань, Цэцэг сум болон Алтайн өвөр говийн сумын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйсан байна. Ургамлын дундаж өндөр 1-3 см байгаа бөгөөд ургалтын байдал тааруу байна. 

Нийт сумын нутгаар 51.1 мм тунадас орсон бөгөөд тунадас ороогүй сум байхгүй аж.

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр тавдугаар сарын 8,9-нд зарим газраар хур тунадас орно.

Салхи: 4,8,9-нд зарим газраар 8-13м/с байна. Алтайн салбар уулсаар салхи 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр байна.

Агаарын температурын хувьд энэ сарын 6-ны өдрөөс нийт нутгаар дулаарч, уулархаг нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 15-20 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй.

関連ニュース