Цахим сургалтаар 2000 орчим төрийн албан хаагчийн мэдлэг, чадварыг дээшлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилго бүхий цахим сургалтыг Ховд аймагт үе шаттай зохион байгуулж байна.
Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс энэ онд холбогдох байгууллагуудтай хамтран 17 удаа цахим сургалт зохион байгуулж, 2000 орчим төрийн албан хаагчийн мэдлэг, чадварыг хөгжүүлжээ. Тодруулбал, “Судалгаанд суурилсан төрийн албаны шинэтгэл” болон бусад сэдвийн дагуу өнгөрсөн гуравдугаар сард 764, дөрөвдүгээр сард 1063 төрийн албан хаагчийг цахим сургалтад хамруулжээ.
Орон зайнаас үл хамааран нэг дор олон төрийн албан хаагчийг сургалтад хамруулах, мэдлэг мэдээллээ солилцохоос эхлээд цахим сургалтын ач холбогдол, давуу тал их байгаа. Ийм учраас цаашид төрийн алба хаагч нарт зориулсан цахим сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэх саналыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс гаргалаа.