“Улаан богоч” рашаан орчимд 300 метр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-08 15:12:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Прокурорын газраас "Байгалиа хамгаалъя" аяны үйл ажиллагааг санаачилж, үе шаттай зохион байгуулж байна.

Тус аянд өнөөдөр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон нэгдсэн байна.

Улмаар аймгийн төв, “Улаан богоч” рашаан орчимд 300 метр газрын хог хаягдал болон усан доторх зарим хогийг цэвэрлэсэн юм. 

Мөн цаашид Ховд аймаг дахь Тагнуулын газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллага, иргэд хөдөлмөрчид "Байгалиа хамгаалъя" аянд нэгдэж, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгоход идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Түүнчлэн байгаль хогийн сав биш, иргэдийн ая тухтай амарч, зугаалах орчин. Иймээс хэрэглэсэн эд зүйлс, хогийг байгальд ил задгай хаяхгүй байх зөв дадалд суралцаж, үр хүүхдэдээ үлгэрлэх нь чухал гэж тус байгууллагын ажилтнууд хэллээ.   

“Улаан богоч” рашаан Ховд аймгийн төвөөс 5-6 км зайд бий. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан аймгийн төвд амьдарч буй иргэд “Улаан богоч” рашаан болон Буянт гол дагуу салхинд гарах, амарч зугаалах нь нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан сүүлийн үед голын ай сав, рашааны орчимд ил задгай хог хаягдал нэмэгдэж буй юм.  

関連ニュース