Булган суманд коронавирусний халдварын долоон тохиолдол илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 16-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 16-аар нэмэгдэж, нийт 388 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар
хотоос ирсэн нэг иргэн, тусгаарлан ажиглах байранд байсан гурван иргэнээс халдвар илэрчээ.
Мөн Жаргалант сумын Бугат багийн халдвартай иргэний ойрын хавьтал хоёр иргэн, халдвар авсан эцэг эхээ дагаж тусгаарлах эмнэлэгт орсон нэг хүүхдээс халдвар илэрсэн.
Түүнчлэн Улаанбаатар
хотоос Булган суманд ирсэн нэг хүн,
түүний ойрын хавьтлын зургаан иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн төвийн “ТОСК” орон сууцны А байранд оршин
суух нэг иргэн, Улаанбаатар хотоос ирээд найм хоносон "Залуус" хороололд оршин суух нэг иргэн шинжилгээ өгөхөд тус тус халдвар илэрсэн байна.
Булган сум болон Жаргалант
суманд шинээр бүртгэгдсэн коронавирусний халдвартай иргэдийн ойрын хавьтлыг олж
тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийж байна.
Аймгийн Онцгой комиссын
дэргэдэх Шуурхай штабаас ирүүлсэн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах
эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 91 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдөр халдвартай 12 иргэнийг
"Тусгаарлах эмнэлэг" рүү тээвэрлэх юм.
Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 485, тусгаарлан
ажиглах байранд 160, гэрийн тусгаарлалтад 270, гэрийн ажиглалтад 606 иргэн
байна.