Ховд сумын Баянбулаг баг 70 мянган толгой малтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-28 16:04:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг баг нь 180 өрх, 980 гаруй хүн амтай. Газар тариалан, мал аж ахуй хосолсон багуудын нэг юм.

Одоогоор тус багийн 140 өрх нь мал аж ахуй, 15-20 өрх газар тариалан эрхэлж байна. 

Баянбулаг багийн малчид 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 70 мянган тоо толгой мал тоолуулж, энэ хавар төл малаа 90 хувьтай бойжуулжээ. 

Өмнөх жилүүдэд тус багаас улсын аварга малчин гурав, аймгийн хошой аварга малчин өрх нэг тодорч байсан. Тэгвэл энэ жил Баянбулаг багийн малчин Х.Тилеуханы гэр бүл “Аймгийн аварга малчин өрх" боллоо. 

                         
                               Малчин Х.Тилеухан: Мал сүргээ өсгөхдөө чанарт анхаардаг  

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн малчин Х.Тилеухан, гэргий М.Жаналсын нар 2001 онд өрх тусгаарлажээ.

Эднийх Монгол Улсын баруун хойд хэсэгт орших Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Ховд аймгийн Ховд сумын хилийг дамнан орших “Хөх сэрхийн нуруу”-гаар нутаглаж, мал сүргээ таван төрлөөр нь өсгөж байна.

Энэ жилийн тухайд 1400 гаруй тоо толгой мал тоолуулж, “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан тул Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын баг тэдний шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ. 

Аймгийн аварга малчин Х.Тилеухан олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Багийнхаа залуу үеийн малчдад мал маллах арга туршлагаасаа хуваалцаж, хоёр туслах малчныг ажиллуулж байна.     

関連ニュース