Мал сүрэгт үзлэг, ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-29 12:10:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Мал сүрэгт үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, баталгаажуулах ажил”-ыг үе шаттай зохион байгуулж байна. 

Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн сумдын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, мал үржүүлэг, технологийн нэгжийн мэргэжилтэн нартай хамтарч, тус ажлыг дөрөв, тав, зургаадугаар сард тодорхой хуваарийн дагуу хэрэгжүүлсэн байна.

Улмаар мал сүрэгт үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, баталгаажуулах, ялган тэмдэглэгээ хийх, бүртгэлжүүлэх ажлын явц, үр дүнгийн талаар энэ сарын 28-нд цахимаар мэдээлэл хийлээ.

Үүнээс онцлоход, Мянгад суманд үржүүлж буй Мянгад омгийн 2000 адуунд ялган тэмдэглэгээ хийж, чип суулган бүртгэлжүүлэлт хийх ажлыг ес хоногийн хугацаанд гүйцэтгэв. Үзлэг, ангилалт хийсэн дүнгээс үзэхэд 470 адуу буюу 23.5 хувь нь цөм сүрэгт, 1471 адуу буюу 73.6 хувь нь үржлийн сүрэгт хамрагджээ. Мөн 59 адуу буюу 3.0 хувь нь хэрэгцээний сүрэгт хамрагдсан байна.

Үүнээс гадна Алтай сумын Алтайн улаан үүлдрийн 3000 ямаанд ялган тэмдэглэгээ хийж, бүртгэлжүүлэх хийх ажлыг 10 гаруй хоногийн хугацаанд гүйцэтгэсэн байна. 

Мөн одоогийн байдлаар Дуут сумын монгол сарлагт үзлэг, ангилалт хийж байна. Улмаар 300 сарлагийг тухайн сумын бар код бүхий ээмгээр ээмэгжүүлж, бүртгэх ажлыг хэрэгжүүлсэн байна.  

Ийнхүү шилмэл үржлийн малд үзлэг, ангилалт хийх нь малын үүлдэрлэг байдал, анги чанарыг тогтоож цөм сүрэг бүрдүүлэх, цаашид шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан үржилд сайжруулагчаар ашиглах, баталгаажсан үүлдэр омгийн малын тоо толгойг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. 

Иймээс тус ажлыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирэх 10 дугаар сар хүртэлх хугацаанд үе шаттай зохион байгуулах аж. 

関連ニュース