Бөхийн барилдаанд сумын заан Г.Ганхуяг түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн харьяат сум, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эрэмбэ дээшлүүлэх /цол олгох/ барилдаан өнөөдөр боллоо.
Тус барилдаанд "аймгийн арслан" цолтой eс, "аймгийн заан" зургаа, "аймгийн харцага" тав, "аймгийн начин" 19, сумын цолтой 53, мөн 30 гаруй залуу бөх зодоглож барилдав. Улмаар Булган сумын харьяат, сумын заан Г.Ганхуяг долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртлээ. Харин Үенч сумын харьяат, аймгийн заан Б.Уртнасан зургаа даван үзүүрлэж, “Аймгийн заан” цолоо баталлаа.
Үндэсний бөхийн барилдааны их шөвөгт Мөст сумын харьяат, сумын заан М.Баяржавхлан, Чандмань сумын харьяат бөх Б.Дэнзэнсамбуу нар шөвгөрч “Аймгийн начин” цолны болзол хангав.
Тэдний шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Г.Цэдэнбал, бусад албаны хүмүүс гардуулж, баяр хүргэлээ.
Тус барилдааныг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үзэгчгүй зохион байгуулж, орон нутгийн "Олон ястны телевиз"-ийн цахим хуудсаар шууд дамжуулан иргэд олон нийтэд түгээв.
