Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-12 12:48:11

Ховд /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сургалт, уулзалтын үйл ажиллагааг энэ сарын 11-ний өдөр Ховд аймагт зохион байгуулжээ.  

Энэ үеэр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр орон нутагт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар байгаль орчны салбарынхан хэлэлцэж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах тал дээр санал солилцлоо. 

Тус уулзалтад Ховд аймгийн байгаль орчны салбар байгууллагууд болох БОАЖГ, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл (KFW) болон УЦУОШТ, Хүнс хөдөө аж ахуйн газар, ЗДТГ-ын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн оролцсон байна.

Сүүлийн жилүүдэд цаг агаарын эрс тэс уур амьсгал, хэт халалтаас шалтгаалан газрын доройтол, цөлжилт нэмэгдэх болсон. Монгол Улс нь газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж судлаачид тогтоосон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.25°С-ээр нэмэгдэж, жилийн хур тунадасны хэмжээ найм орчим хувиар буурч, нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд орсон, малын тоо толгой сүүлийн 30 жилд гурав дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн гэх судалгааны дүн байдаг аж. Харин Ховд аймгийн хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх судалгаа бий.  

Иймээс цаашид мал аж ахуйн салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл” тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэж албаныхан үзэж буй. 

Энэхүү төслийн үйл ажиллагааг 2021-2028 онд “Уур амьсгалын Ногоон сан”-гийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт хэрэгжүүлнэ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл”-ийг өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр эхлүүлсэн аж.  

 

関連ニュース