Алтан цацал хоршоо аймгийнхаа төмсний хэрэгцээний 40 орчим хувийг хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-30 22:07:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний Алтан цацал хоршоо газар тариалангийн салбарт 23 дахь жилдээ ажиллаж, орон нутгийн иргэдийг эрүүл хүнсний ногоогоор хангах үүргээ өнөөг хүртэл тасралтгүй гүйцэтгэсээр байна. Тус хамт олон өдгөө аймгийнхаа төмсний хэрэгцээний 40 орчим, нарийн ногооны есөн хувийг бэлтгэн нийлүүлж байна.

Энэ жил нийт 13,5 га талбайд болон хүлэмжинд бүхий л төрлийн хүнсний ногоог тарьжээ. Ялангуяа хүлэмжийн аж ахуйг амжилттай эрхэлснээр жилд хоёр удаа ургац авах боломжтой болжээ. Жишээ нь, жилд 120 тонн төмс хураан авдаг байна.

8 ажилтан 13,5 га газарт сэлгэн тарилт хийдэг. Бүх төрлийн ногоог тарьдаг. Жилд 120 тонн төмс авдаг.

Манай хоршоо ХАА-н зохистой дадлыг хэвшүүлсэн гэдгээрээ давуу талтай. Цаашид ч үүнийгээ тогтмол баримтлан ажиллана. Сүүлийн жилүүдэд улс, аймаг орон нутгийн зүгээс газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжиж ажилласны дүнд орон нутгийн түвшинд тариалалт нэмэгдсэн. Ялангуяа өрхийн тариалалт их хийгдэж байна. Яг энэ жишгээрээ газар тариалангийн салбарыг төр гурваас дөрвөн жилийн хугацаанд тууштай бодлогоор дэмжээд өгвөл бид дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой гэж Алтан цацал хоршооны менежер Л.Халтар ярилаа.

Алтан цацал хоршоо нь найман ажилтантай бөгөөд оргил ачааллын үед орон нутгийнхаа 20 орчим иргэнийг түр ажлын байраар хангадаг байна.

 

関連ニュース