Нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-31 12:20:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн мэдээллийг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.

Аймгийн нийт нутаг дэвсгэрээр бэлчээрийн даацыг тодорхойлсон судалгаанаас үзэхэд 14 хувь нь бэлчээрийн нөөцтэй (Алтай, Дарви, Манхан сумын ихэнх, Мянгад Үенч сумын өмнөд хэсэг, Цэцэг, Зэрэг, Буянт сумын ар хэсгээр) байна.

Мөн 13 хувь нь бэлчээр хүрэлцээтэй (Алтай сумын өмнөд болон баруун хойт хэсгийн нутаг, Чандмань сумын ихэнх, Дарви сумын өмнөд, Мөст сумын ар хэсгээр), 48 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн (Мянгал, Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн, Булган, Дуут, Мөнххайрхан сумын нийт нутгаар, Үенч сумын ар, Цэцэг, Манхан, Зэрэг сумын өмнөд, Чандмань сумын ар, Мөст сумын зүүн өмнөд хэсэг) байна. 

Харин таван хувьд бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн (Мөст, Цэцэг сумын ихэнх, Манхан сумын зарим хэсгээр), 20 хувьд даац олон дахин хэтэрсэн (Буянт, Мянгад, Дөргөн, Манхан, Дарви Булган сумын зарим хэсгээр буюу нутгийн хил залгаа хэсгүүдэд) гэх судалгааны дүгнэлт гарчээ.

Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн дүнгээр нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 50 орчим хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 20 гаруй хувьд бэлчээрийн даац гурваас дээш олон дахин хэтэрч гарсан нь цаашид хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарч, зөв зохицуулах шаардлагатайг харуулсан аж.

Иймээс тухайн орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

 

関連ニュース