Шөнийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд 2350 өрх хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-16 15:34:48

Ховд /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд гэр хорооллын бүсэд амьдарч байгаа 2350 айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн судалгаа гарчээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэжилнэ. 

Хөнгөлөлтөд гэр хорооллын хэрэглэгчдийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалтай хэрэглэсэн цахилгаан хэрэглээ тооцогдоно.

Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна. Мөн стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна. Хэрэглэгч цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байх учиртай.

Хөнгөлөлтийг “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлсэн аж.

Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70432465, 70432118 (ажлын цагаар), 70432102 (ажлын бус цагаар) авах боломжтой.  

Цаашид ачаалал хамгийн их, оргил цаг буюу 17:00-21:00 цагийн үeд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, эрчим хүчээ хэмнэцгээе гэж “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас уриаллаа.   


Сүүлийн үeд цахилгааны үнэ төрөөс хариуцаж байгаа, ухаалаг тоолуураар шөнө хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаатай холбогдуулан хэрэглээ тогтмол өсөж байна. Мөн гэр хорооллын бүсэд бохир, цэвэр усны шугам шинээр тавьж, ухаалаг тоолуур суурилуулсан чиглэлд эрчим хүчний шугам, тоног хэрэглэл хэт ачаалалд орж байгаа юм. Энэ асуудлыг шийдэх зорилгоор ирэх оны улсын төсөвт томоохон хөрөнгө оруулалт тусгасан гэж албаныхан хэллээ. Тодруулбал, мэргэжлийн байгууллагуудын зүгээс ирэх 2022 онд улсын төсвийн 795 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийх, дэд станц барих, ухаалаг тоолуур суурилуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөжээ. 

関連ニュース