Мал аж ахуйн салбарт 500 гаруй ажлын байр шинээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-22 15:24:32

Ховд /МОНЦАМЭ/. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр Ховд аймагт цөөн тооны малтай залуус болон малгүй иргэдийг малжуулах зорилгоор хэрэгжиж байна.

Уг хөтөлбөрт сүүлийн таван жилийн хугацаанд хөдөө орон нутгийн 280 гаруй малчин өрх хамрагджээ. Улмаар залуу малчдыг малжуулах үйл ажиллагааны хүрээнд “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас сүүлийн таван жилийн хугацаанд 1 тэрбум 245 сая төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна. Ингэснээр мал аж ахуйн салбарт 500 гаруй хүн шинэ ажлын байр бий болгов.  

Судалгаанаас үзэхэд, энэхүү хөтөлбөрт хамрагдсан залуу малчдын 98.3 хувь нь мал сүргээ амжилттай өсгөж, хамгийн дээд тал нь 500-800 гаруй толгой малтай болжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Дөргөн сумаас малжуулах төсөлд хамрагдсан залуу малчин Д.Мөнхөө малынхаа тоо толгойг 833-д, Манхан сумын залуу малчин А.Дагвадорж малынхаа тоо толгойг 739-д хүргэж, малжуулах төслийн үр шимийг хүртэж явна. 

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2017-2021 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэдийн туршлага судлах уулзалт зохион байгууллаа.

Энэ сарын 16-нд болсон тус уулзалтад хөдөөгийн 16 сумын 142 малчин оролцжээ.   

関連ニュース