ИТХ-ын анхдугаар хуралдаан 51,5 хувийн ирцтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-20 10:50:56

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 17 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй, 51,1 хувийн ирцтэй олж өнгөрлөө.

Анхдугаар хуралдаанд МАН-ын 17 төлөөлөгч оролцсон бөгөөд АН-аас сонгогдсон 16 төлөөлөгч оролцсонгүй. Сөрөг хүчнийг олонх талаас 1 цаг 30 минут хүлээсний эцэст хурлыг эхлүүлэхээр болсон юм. Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Ж. Жаргалсайхан сонгуулийн хорооноос ирүүлсэн 33 төлөөлөгчийг баталгаажуулсан тогтоолыг уншиж танилцуулан, хурлын бүтэц ирцийг хэлж хурлыг  албан ёсоор эхлүүллээ.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч нь одоогоор хүчин төгөлдөр байгаа, нөгөөтэйгүүр хуралд оролцож буй 17 төлөөлөгчийн хамгийн ахмад нь гэдэг утгаараа Б. Гансүх хурлыг удирдан явуулсан юм. Анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгох, хурлын дэг батлах, ИТХ-ын тэргүүлэгчдийг батлах, аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар Бат-Очирын Гансүх сонгогдсон юм. Харин ИТХ-ын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүнтэй байхаар батлаж ИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс найман төлөөлөгчийг тэргүүлэгчид дэвшүүлэн мөн хуралд оролцогдчын 100 хувийн саналаар баталлаа. Нэг тэргүүлэгч нь АН-аас байх ёстой гэлээ.

2016-2020 он хүртэл Сүхбатар аймгийг удирдах засаг даргын албан тушаалд аймгийн МАН-ын дарга Занын Энхтөрийг нэр дэвшүүлж, хурлын тогтоолыг Монгол улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбатад өргөн барихаар боллоо.

Уг нь анхдугаар хуралдаанаар ИТХ-ын шинэ даргад тамга тэмдгийг шилжүүлж, шинэ төлөөлөгчдөд үнэмлэх болон энгэрийн тэмдгийг гардуулах ёстой. Гэвч ИТХ-ын ажлын алба энэ үүрэгт ажлаа хийсэнгүй. Тамга байхгүй, үнэмлэх тэмдэг хүлээлцэх хүн нь ирээгүй байна гэх шалтгаанаар хойшлууллаа. Харин МАН-ын зүгээс олонх гэдэг утгаараа анхдугаар хуралдаанаа хууль ёсны дагуу хийж, гаргах ёстой тогтоол шийдвэрүүдээ гаргаж баталлаа гэдгээ онцолж байсан юм.

АН-ын төлөөлөгчид анхдугаар хуралдаандаа оролцохгүй байгаа нь хуулиа сахин биелүүлэхгүй байна, нөгөө талаараа Сүхбаатар аймгийн олон мянган сонгогчдын эрхийг ноцтойгоор зөрчиж, улсын ажлыг хойш нь татаж байна хэмээн МАН-ын бүлэг үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Т. Одончимэг

関連ニュース