СҮХБААТАР: БШУ-ы сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтээр улсад тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн
Засаг дарга, Боловсрол шинжлэх ухааны сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний
хэрэгжилтийн үнэлгээгээр Сүхбаатар аймаг улсдаа тэргүүлжээ.
Сүхбаатар аймаг 2023 онд боловсролын
салбарт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Орон нутгийн төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрөөр 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 13 сумын засаг дарга
нийт 5,3 тэрбум төгрөгийг боловсролын салбартаа зориулан сургалтын чанарыг сайжруулахад зарцуулсан байна.
Боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, хөгжил хамгааллыг дэмжихэд зориулан орон нутгийн төсөв болон олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран дээрх хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн салбарт олон эерэг өөрчлөлт үр дүн авчирснаас хамгийн онцлох үйл явдал нь Сүхбаатар аймаг ЭЕШ болон түүн дундаа математикийн хичээлээр улсдаа тэргүүлж, аймгийн Засаг даргын БШУ-ы сайдтай байгуулсан үр
дүнгийн гэрээний хэрэгжилтийн үнэлгээгээр 21 аймгаа тэргүүлсэн явдал юм. Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарыг бүрэн компьютержүүлсэн анхны аймаг болсон билээ.
Тус аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн нэгдүгээр сарын 22-нд Баруун-Урт суманд болсон. аймгийн Засаг дарга М.Идэрбат зөвлөгөөнд оролцож, 2023 онд боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын талаар танилцуулж, дээрх бүх амжилт нь аймаг орон нутгийн
болоод салбарын удирдлагууд, баг ажилчид, сурагч, эцэг эхчүүдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг аймгийн Засаг
дарга онцолж байв.