Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах ногоон байгууламжийн ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-17 10:10:52

Улаанбаатар, зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай байна.


Тухайлбал, усалгааны систем суурилуулж, авто угаалгын газар, бетонон хашааг Монголын хөлбөмбөгийн холбоотой, мөн нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байна. Гадна талбайд байрлах, зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан цахилгааны дэд станцууд, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламжийг буулган, ил гарсан цахилгааны утсыг заслаа. Гэрэлтүүлгийг гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартад нийцүүлэх, хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх, камерын систем нэвтрүүлж байна. Ариун цэврийн шинэ есөн байгууламжийг ашиглалтад оруулж байгааг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.


Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн, арена хэлбэртэй, 30 мянган хүний суудалтай болгох судалгааг эхлэж, зураг төсөл гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр “Populous Holdings” компанийн төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

関連ニュース