СЭЛЭНГЭ: Сэвлэг үргээхийн учир

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-24 11:28:59

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Цаг улирлын төлөвт тохируулан зарим нэгэн зан үйлийг эцэг өвгөд маань эрт үеэс хийж иржээ.

 

Тухайлбал, хүүхдийн даахь авах буюу сэвлэг үргээх ёслол юм. Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, харин эрэгтэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээдэг байсан аман хуультай юм. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм.

 

Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж, хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ.

 

Энэ ёслолд хүү болон охины авга, нагац нар заавал байх учиртай юм. Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг ёстой.

 

Найр ёслолыг бага үдээс өмнө эхэлж, ивээл жилтнээр хүүгийн /охины/ үсэнд модон хутга хүргэн домноно. Үүний дараа хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авдаг.

 

Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан “урт насалж удаан жаргаарай, аав ээждээ ачтай, ахан дүүсдээ тустай, төрдөө үнэнч, түмэндээ хүндтэй сайн хүн болоорой” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үг хэлж, бэлэг сэлт өгдөг байна.

 

Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэг адил шүүс зоог, идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрд аяга аягаар өгч дайлдаг заншилтай.

 

Хүүхдийн даахь үргээхэд цээрлэх ёс бий. Тухайлбал, үс гэзэгний сэвээ хамаагүй хаяхыг онцгой цээрлэдэг. Энэ нь “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг нь бас учиртай юм.

 

Мөн хүн бүрийг хамаагүй урьдаггүй байна. Учир нь ёс бус үйлдэлтэй, буруу муу явдал мөртэй хүнийг хүүхдийн толгойд хүргэвээс хувь заяанд нь муугаар нөлөөлдөг гэж үздэг байжээ.

 

関連ニュース